
Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) ба Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар (IPOM) хамтран Монгол Улсын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилготой WIPO mentorship хөтөлбөрийг Япон улсын Оюуны өмчийн газар (JCO), Япон улсын Соёлын асуудал эрхэлсэн агентлаг (ACA)-ийн дэмжлэгтэйгээр 1 жилийн хугацаанд хэрэгжүүлж, Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллага болох "Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг" (MOSCAP) уг хөтөлбөрт хамрагдах юм.
Хөтөлбөрийн хугацаанд талууд хамтран ажиллаж, урлагийн үндсэн 5 салбар болох хөгжим, театр, утга зохиол, дүрслэх урлаг, аудио-визуал урлагийн зохиогчдыг нэгтгэсэн дэлхийн зохиогчийн эрхийн төв байгууллага болох Олон улсын Зохиогч, Хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбоо CISAC-д хөгжмийн зохиогчийн эрхийн нийгэмлэг MOSCAP-ийг гишүүнээр элсүүлэх зорилт тавин ажиллана.
Энэхүү зорилгын хүрээнд Монголын дуу хөгжим бүтээгчид болон хөгжмийн бүтээлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, Монгол бүтээлийн ашиглалтын төлбөрийг олон улсаас цуглуулах, бүтээл ашиглалтад мониторинг хийх, гишүүдэд төлбөр хуваарилах үйл явцыг автоматжуулах зохиогчийн эрхийн удирдлагын АТЛАС системийг Монголд нэвтрүүлнэ.
МУ-ын Оюуны өмчийн газар болон олон улсын зөвлөхүүд хамтран зохиогчийн эрхийг хамгаалах Монгол Улсын хууль эрх зүйн орчин, дүрэм журамд дүн шинжилгээ хийж, хамтын удирдлагын тогтолцоог тогтвортой хөгжүүлэх чиглэлээр MOSCAP болон ОӨГ-ын цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах юм.
Мөн CISAC-ын олон улсын зөвлөхүүд хамтын удирдлагын байгууллагын дүрэм журмууд, эрх төлөөлүүлэх гэрээ, гишүүнчлэлийн журам, бүтээл ашиглалтын тариф, төлбөр хуваарилалтын дүрмийг сайжруулах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж, тогтвортой, хариуцлагатай бөгөөд ил тод засаглалыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Дээрх арга хэмжээ 6 дугаар сарын 24-нд Чингис хаан зочид буудлын Өргөө танхимд болох бөгөөд хөтөлбөрийн нээлт-үндэсний өдөрлөгт хөгжмийн зохиогчийн эрхийн салбарын олон улсын эксперт-CISAC ба WIPO-ын зөвлөхүүд хүрэлцэн ирж, зохиогчийн эрхийг хамтын удирдлагын хэлбэрээр хэрэгжүүлэх олон улсын практикийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Уг арга хэмжээнд дуу хөгжим бүтээгчид, эрх эзэмшигчид, бичлэгийн лейбл студиуд, гүйцэтгэгч уран бүтээлчдийн продюсер, менежер, хөгжмийн нийтлэгчид (publisher), хөгжмийн контент агрегатор болон дижитал түгээгч, тоглолт шоу зохион байгуулагчид, тоглолтын танхим эзэмшигч, тасалбар борлуулагч компаниуд, хөгжмийн шүүмжлэгчид, урлагийн сэтгүүлчид, төрийн бодлого зохицуулагч байгууллагууд болон бодлого боловсруулагч Та бүхэн урьдчилан бүртгүүлж, идэвхтэй оролцохыг урьж байна.
Оролцохыг хүсэгчид дараах хаягаар холбогдон бүртгүүлж, онлайн урилгаа авна уу.
И-мэйл: ipinfo@ipom.gov.mn info@moscap.mn Утас 72023999, 99063796, 88557898


