Эдийн засаг, хөгжлийн яамны урилгаар Дэлхийн Банкны төлөөлөгчид “Шинжлэх ухаан, технологи, инновацын системийг бэхжүүлэх, Монгол Улсын зах зээлд нэвтрүүлэх” үйл ажиллагаатай холбоотой Улаанбаатар хотод албан томилолтоор ажиллаж байна.
Албан томилолтын хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоонд үнэлэлт дүгнэлт хийхээр зорьж байгаа бөгөөд үүний дагуу Оюуны өмчийн газрын удирдлагууд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан өөрийн байгууллага болон Технологи, инновацыг дэмжих төв (ТИСК)-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, оюуны өмч болон инновацын стратеги, ач холбогдол, Монгол Улсын өнөөгийн инновацын бодлого, хууль журмуудын талаар ярилцаж, туршлага хуваалцлаа.
Уулзалтад
Дэлхийн банкны талаас Хувийн хэвшлийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Кристиан
Кажада Торрес, Хувийн хэвшлийн мэргэжилтэн Кибум Ким нар, Монгол Улсын талаас
Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын газрын дарга Г.Гантулга, Патент,
барааны тэмдгийн хэлтсийн дарга Б.Оюунцэцэн, Шинэ бүтээл ашигтай загварын ахлах
шинжээч Б.Оргилмаа, Б.Одгэрэл нар оролцов.