MOSCAP ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) нь 2011 оноос Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай “Зохиогчийн эрхийн тухай” хуулийн дагуу “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан билээ. 2014 оноос Олон улсын зохиолч, хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбоо CISAC (International Confederation of Societies of Authors and Composers)-д гишүүнчлэлтэй болж CISAC-ийн Ази, Номхон далайн бүсэд харъяалагдан Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна.
Ингэснээр MOSCAP нь Монгол улсын нутаг дэвсгэрт монголын болон гадаадын дуу хөгжмийн бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг хамгаалах, Олон улсын хэмжээнд CISAC-ийн гишүүн орнуудын Хамтын удирдлагын байгууллагууд монголын хөгжмийн зохиолч, зохиолчдын бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах харилцан үүрэг хүлээн ажиллаж байна. MOSCAP нь Монгол улсын Оюуны өмчийн газарт улирал тутам, CISAC-ийн хавар намрын бүсийн хуралд тогтмол оролцож жилд хоёр удаа тус тус тайлангаа тавьж ил тод нээлттэй ажиллаж байна.
Дуу хөгжмийн бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг хамгаалахгүйгээр оюуны өмч, зохиогчийн эрхийг тухай ярих боломжгүй юм. Тиймээс Монгол улсын Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуулийн зүйл заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагааг төрөөс дэмжих хууль эрх зүйн тогтолцоо нэгэнт бүрдсэн билээ. Эдгээр хуулийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын Оюуны өмчийн тухай хуулийн 17.3 дэх заалтын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2021/06 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г шинэ хуулийн өөрчлөлтийн дагуу шинэчлэн байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд Оюуны өмч, Зохиогчийн эрхийн тухай хуулийн хүрээнд Оюуны өмчийн газартай хамтран ажиллах гэрээтэй, олон улсын байгууллагын гишүүнчлэлтэй Монголын цорын ганц Хамтын удирдлагын байгууллага нь MOSCAP болно.
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) нь хөгжмийн үггүй болон үгтэй бүтээлийн зохиогчид, зохиогчдийн өв залгамжлагчид, эрх эзэмшигчдийн амины болон эдийн засгийн онцгой эрхийг хамгаалдаг хамтын удирдлагын байгууллага юм.
MOSCAP нь зохиогчийн эрхийн хуулийн 49 зүйлийн 1.1 ба 1.3 р заалтын дагуу гишүүддээ тухайн бүтээлийг ашигласантай холбогдолтой мэдээллийг танилцуулах, бүтээл ашиглалтын хэмжээгээр төлбөрийг хувь тэнцүүлэн хуваарилах үүрэгтэй.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 12.3-р заалтанд “Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах системийг Соёлын яамнаас нэвтрүүлнэ” гэж заасан боловч IPTV, OTT ТВ, Кабель ТВ, арилжааны ТВ сувгууд, ФМ радио, мөн амьд хөгжмийн тоглолт, шоу арга хэмжээ, бар ресторан, караоке, шөнийн клуб, соёлын цэнгээнт үйлчилгээний салбар дахь хөгжмийн бүтээлийн ашиглалтыг бодитоор хянах тоолох систем одоо болтол нэвтрээгүй байна.
Харин онлайн сүлжээ ашиглан бүтээлийг хэрэглэгчдэд сонсгох үйлчилгээ (music stream), онлайн караоке аппликэйшн үйлчилгээ, гар утасны дуудлагын үйлчилгээнд ашигласан бүтээлийн орлогын тайланг бүтээл тус бүрээр сар улирлаар гаргаж орлогоос бичлэгийн эрхийн төлбөр ба зохиогчийн эрхийн төлбөрийг тусад нь бодитой тооцоолох боломжтой.
Монголын ТВ радио, караоке систем борлуулагчид, түгээлтийн дижитал платформ, онлайн караоке үйлчилгээ эрхлэгч компаниуд бүтээл ашиглахдаа зөвхөн хамаарах эрх эзэмшигчид буюу дуучин, хамтлаг, фонограм бүтээгчтэй гэрээ байгуулж, бичлэгийн эрхэд ноогдох орлого хуваарилж байгаа ч, бүтээлийг зохиосон хөгжмийн зохиолч, шүлгийн зохиогчтой гэрээ байгуулдаггүй, бүтээл ашиглахдаа үг ая зохиогчдийн нэрсийг дурдаагүй байгаа нь зохиогчийн амины эрх болон эдийн хөрөнгийн онцгой эрхийг зөрчиж, Зохиогчийн эрхийн төлбөрийг хуваарилахад хүндрэл үүсгээд байна.
Иймд М Мюзик дистрибюшн компаний M music, Mkaraoke, Монгол контент компанийн Voo karaoke, Скайтел компаний Go+ караоке, ORI ТВ Дуул багц, Нэкст Галакси компаний Duul app, ӨМӨЗОны Egshig app зэрэг сувгуудад таны бүтээл байршиж байгаа бол манай нийгэмлэгт бүтээлүүдийн жагсаалтаа MOSCAPт илгээж, дууны үг ая зохиогчийн амины болон эд хөрөнгийн онцгой эрхээ хамгаалуулахыг хүсье.
Мөн түүнчлэн MOSCAP нь гишүүдийнхээ зохиогчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлж, олон нийтэд хөгжмийн бүтээл дамжуулж буй ТВ радио, олон нийтэд тоглуулж буй шоу бизнес эрхлэгчид, үйлчилгээндээ хөгжим тоглуулж буй бүх үйлчилгээний байгууллагатай бүтээл ашиглуулах лицензийн гэрээ байгуулж, зохиогчийн эрхийн төлбөрийг төвлөрүүлэн хуваарилах тул манай нийгэмлэгт гишүүнээр элсэн, зохиогчийн эрхийн төлбөрөө авах боломжтой.
Оюуны өмчийг хүндэтгэх соёлыг хэрэглэгчдэд төлөвшүүлэх, хөгжмийн бүтээлийн үр шимийг зохиогчид оновчтой хүртэх нөхцөл боломжийг бүрдүүлэх манай үйл ажиллагааг дэмжиж, Хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг эзэмшигч Та өөрийн бүх бүтээлийн дэлгэрэнгүй мэдээллээ дараах 2 линкээр болон info@moscap.mn хаягаар ирүүлэхийг хүсье.
Мөн MOSCAP ийн хуучин гишүүд банкны шинэчилсэн мэдээлэл IBAN дугаараа илгээн, бүтээл ашиглалтын төлбөрөө хүлээн авах боломжтой болно.
Холбоо барих: 72023999
МОНГОЛЫН ЗОХИОЛЧ, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ, НИЙТЛЭГЧДИЙН НИЙГЭМЛЭГ
Вэб сайт: https://www.moscap.mn/
И-Мэйл: info@moscap.mn
Утас: +976 95054846