Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох журам

  • 2019-05-24
  • 182

БАРААНЫ ТЭМДГИЙГ НИЙТЭД ТҮГЭЭМЭЛ БОЛСОНД ТООЦОХ ЖУРАМ

Оюуны өмчийн газрын даргын
2014 оны ..... сарын .... өдрийн
..... тоот тушаалын 1 дүгээр хавсралт


БАРААНЫ ТЭМДГИЙГ НИЙТЭД ТҮГЭЭМЭЛ БОЛСОНД ТООЦОХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэ журмын зорилго нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль (цаашид “ Хууль” гэх )-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалт, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн конвенци (цаашид “Парисийн конвенци” гэх)-йн 6bis зүйлийн 1 дэх заалт, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр (цаашид “ТРИПС-ийн хэлэлцээр” гэх)-ийн 16 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтад заасныг хэрэгжүүлэх, барааны болон үйлчилгээний тэмдэг (цаашид “барааны тэмдэг” гэх)-ийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд түгээмэл болсонд тооцох хянан шийдвэрлэх, нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн жагсаалтыг батлахад оршино.

1.2. Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулах тухай хүсэлт (цаашид “хүсэлт” гэх)-ийг Хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 ба 32.1.4-т заасны дагуу Маргаан шийдвэрлэх комисс (цаашид “Комисс” гэх) хянан шийдвэрлэнэ.

1.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцож болно. Үүнд:

1.3.1. Улсын бүртгэлд бүртгүүлж эрхийн хамгаалалт хийгдсэн барааны тэмдэг;
1.3.2. Монгол Улсын олон улсын гэрээний дагуу эрхийн хамгаалалт хийгдсэн барааны тэмдэг;
1.3.3. эрхийн хамгаалалт хийлгээгүй ч тухайн этгээдийн бараа, үйлчилгээний хувьд холбогдох салбарын хүрээнд олонд танил болсон тэмдэг.

1.4. Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцсон нь Хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8 болон Парисийн конвенцийн 6bis зүйлийн 1-т заасны дагуу түүнтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй, энэ журмын 4.2.3-д заасан огнооноос хойш мэдүүлсэн анхдагч огноотой барааны тэмдгийг бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч бүртгэхээс татгалзах, бүртгэлийг хүчингүй болгох эсхүл ашиглахыг хориглох үндэслэл болно.

ХОЁР. БАРААНЫ ТЭМДГИЙГ НИЙТЭД ТҮГЭЭМЭЛ
БОЛСОНД ТООЦУУЛАХ ТУХАЙ ХҮСЭЛТИЙГ ГАРГАХ

2.1. Хүсэлтийг өөрийн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсон гэж үзэж буй эзэмшигч өөрөө, эсхүл Хуулийн 31 дүгээр зүйлд заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч (цаашид “хүсэлт гаргагч” гэх)-өөр төлөөлүүлэн оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид “төрийн захиргааны байгууллага“ гэх)-ын баталсан маягтын дагуу шударга бус өрсөлдөөн , ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзсэн тохиолдолд Комисст гаргаж болно.
2.2. Хүсэлт нь нэг барааны тэмдэгт хамаарах бөгөөд дараах мэдээллийг агуулна:
2.2.1. хүсэлт гаргагч нь иргэн бол түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, харьяалал, байнга оршин суудаг буюу үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг, гарын үсэг;
2.2.2. хүсэлт гаргагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, зохион байгуулалтын хэлбэр, хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, утас, факсын дугаар, цахим хуудасны нэр, цахим шуудангийн хаяг, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;
2.2.3. хүсэлт гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, хаяг, утас, факсын дугаар, цахим хуудасны нэр, цахим шуудангийн хаяг, гарын үсэг, тамга, тэмдэг;
2.2.4. нийтэд түгээмэл болсонд тооцуулах гэж байгаа барааны тэмдгийн илэрхийлэл;
2.2.5. тухайн барааны тэмдгийн нийтэд түгээмэл болсонд хамаарах бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт;
2.2.6. тухайн барааны тэмдгийн нийтэд түгээмэл болсон огноо;
2.2.7. Монгол Улсад тухайн барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийгдсэн байдал.
2.2.8. нийтэд түгээмэл болсонд тооцуулах болсон үндэслэл.
2.3. Хүсэлтэд дараах зүйлийг хавсаргана:
2.3.1. тухайн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсныг тогтоох шалгуур, нөхцөл байдлыг үзүүлсэн мэдээлэл, түүнийг нотлох баримт;
2.3.2. энэ журмын 2.2.8-д заасан үндэслэлийг нотлох баримт
2.3.3 хүсэлт гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлсэн бол итгэмжлэл;
2.3.4. үйлчилгээний хураамж төлсөн баримт.
2.4. Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсон эсэхийг тогтооход дараах шалгуур, нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
2.4.1. ТРИПС-ийн хэлэлцээрийн 16 дугаар зүйлийн 2-т заасны дагуу тухайн барааны тэмдэг нь бараа, үйлчилгээнийхээ хувьд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн холбогдох салбарын хэрэглэгчдийн хүрээнд танил болсон байдал ба үүнийг тогтоохдоо бие даасан мэргэжлийн судалгааны байгууллагын тухайн бараа, үйлчилгээний хэрэглэгчдийн дунд хийсэн санал асуулга, судалгааны дүн;

2.4.2. тухайн барааны тэмдгийг ашиглаж байгаа хугацаа, хэмжээ, нутаг дэвсгэрийн цар хүрээ ба үүнийг тогтоохдоо барааны тэмдгийг ашиглаж эхэлсэн огноо, ашигладаг хэлбэр, үйлдвэрлэл явуулдаг, үйлчилгээ үзүүлдэг хот, суурин газрын жагсаалт, үйлдвэрлэл болон борлуулалтын хэмжээ, хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн өсөлтийн жилийн дундаж тоо хэмжээ, зах зээлд эзэлж буй байр суурь ;
2.4.3. ТРИПС-ийн хэлэлцээрийн 16 дугаар зүйлийн 2-т заасны дагуу сурталчилгааны үр дүнд тухайн барааны тэмдгийг мэддэг болсон байдал ба үүнийг тогтоохдоо сурталчилгааны хугацаа, давтамж, зардал, зар сурталчилгаа, мэдээллийн хэрэгсэл, холбогдох бараа, үйлчилгээг үзэсгэлэн, яармаг худалдаанд оролцуулж сурталчилсан байдал;
2.4.4. тухайн барааны тэмдгийг гадаадад бүртгүүлсэн, бүртгүүлэхээр мэдүүлсэн болон нийтэд түгээмэл болсон байдал;
2.4.5. тухайн барааны тэмдгийн үнэлгээ ба үүнийг тогтоохдоо санхүүгийн тайлан болон холбогдох бусад баримт бичгүүдийг харгалзан үзэж болно;
2.4.6. тухайн барааны тэмдгийг лицензиэр ашиглуулж байгаа байдал ба үүнийг тогтоохдоо лицензи авагч, үйлдвэрлэгч, дистрибьютор, импортлогчийн тоо, лицензийн төлбөрийн хэмжээ зэргийг харгалан үзэж болно;
2.4.7. тухайн барааны тэмдгийн онцлогоос хамаарч нийтэд түгээмэл болсныг тогтооход шаардагдах бусад мэдээлэл.

ГУРАВ. БАРААНЫ ТЭМДГИЙГ НИЙТЭД ТҮГЭЭМЭЛ
БОЛСОНД ТООЦУУЛАХ ТУХАЙ ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ


3.1. Комисс хүсэлтийг “Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журам” -ын дагуу хянан шийдвэрлэнэ.
3.2. Комисс хүсэлтийг хянан үзээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
3.2.1. барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох тухай.;
3.2.2. барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцохгүй тухай.
3.2.3. барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцохгүй тухай шийдвэрийг дараах тохиолдолд гаргана:
3.2.4. энэ журмын 2.2.6-д заасан огнооноос өмнө өөр этгээдийн нэр дээр нэг төрлийн бараа, үйлчилгээнд ашиглах ижил буюу төсөөтэй барааны тэмдгийг мэдүүлсэн эсхүл эрхийн хамгаалалт хийгдсэн нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй байвал;
3.2.5. энэ журмын 2.3.1 заасан мэдээлэл, нотлох баримт нь нийтэд түгээмэл болсныг нотлож чадахгүй гэж үзсэн бол.
3.3. Комиссын хурлаас гарах шийдвэр нь дүгнэлт хэлбэртэй байна.

ДӨРӨВ. НИЙТЭД ТҮГЭЭМЭЛ БОЛСОНД ТООЦСОН БАРААНЫ ТЭМДГИЙГ ЖАГСААЛТАД ОРУУЛАХ, НИЙТЭД МЭДЭЭЛЭХ


4.1. Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох тухай Комиссын шийдвэрийг үндэслэн Оюуны өмчийн газрын дарга нийтэд түгээмэл болсонд тооцсон барааны тэмдгийг Хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасан Нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн жагсаалт (цаашид “жагсаалт” гэх)-ад оруулах тухай тушаал гаргана.
4.2. Жагсаалтад дараах зүйлийг заана:
4.2.1. нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн илэрхийлэл;
4.2.2. нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг эзэмшигчийн нэр, хаяг;
4.2.3. тухайн барааны тэмдгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд түгээмэл болсонд тооцсон огноо;
4.2.4. нийтэд түгээмэл болсонд тооцох тухай шийдвэрийн хүчин төгөлдөр болсон огноо;
4.2.5. эрхийн хамгаалалт хийгдсэн бол нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн бүртгэлийн дугаар;
4.2.6. тухайн барааны тэмдгийн нийтэд түгээмэл болсонд хамаарах бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт, ангилал .
4.3. Монгол Улсад эрхийн хамгаалалт хийгдсэн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцсон бол энэ тухай холбогдох бүртгэлд тэмдэглэл хийнэ.
4.4. Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцсон талаар Хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.
4.5. Нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийг жагсаалтад оруулснаас хойш 1 сарын дотор гэрчилгээ олгоно. Жагсаалтад оруулах болон гэрчилгээ олгоход тус тус хураамж авна.
4.6. Тухайн барааны тэмдгийн нийтэд түгээмэл болсонд олгосон эрхийн хамгаалалт дараах тохиолдолд дуусгавар болно:
4.6.1. Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу барааны тэмдэг эзэмшигчийн эрх дуусгавар болсон бол;
4.6.2. тухайн барааны тэмдгийн нийтэд түгээмэл болсон байдал алдагдсан бол;
4.6.3. тухайн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох тухай шийдвэрийг хүчингүй болгосон бол.
4.7. Тухайн барааны тэмдгийн нийтэд түгээмэл болсонд олгосон эрхийн хамгаалалт дуусгавар болсон тухай Хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

ТАВ. БУСАД ЗҮЙЛ
5.1 Энэхүү журам нь 2014 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болно.

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018