МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

С.Урангэрэл: Патентын хууль батлагдсанаар мэдүүлэг гаргах, түүнд шүүлт хийх ажиллагаа илүү тодорхой боллоо

Монгол Улс патентын бие даасан хуультай хэдий ч хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг зохицуулалтгүй орхигдуулсан, хуулийн зүйл, заалтууд өөр хоорондоо зөрчилтэй, түүнчлэн патент, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, олон улсад тогтсон практикт нийцээгүй зэрэг асуудалтай байна.

Тухайлбал шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар гэсэн тус тусын онцлон бүхий бүтээлүүдийн ялгааг үл харгалзан хуульд нэг стандартаар зохицуулсан, мэдүүлэг гаргах, түүнд шүүлт хийхтэй холбоотой зохицуулалт олон улсын практикт нийцтэй бус, түүнчлэн патентыг албадан лицензээр ашиглах асуудал тодорхой бус, оюуны бүтээл бүтээгчдийг дэмжсэн санхүүгийн дэмжлэг, татвар, хураамжийн хөнгөлөлтийн бодлого байхгүй, патенттай холбоотой олон улсын мэдүүлэг гаргах, хүлээн авах зохицуулалт нь Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрт заасан стандарт шаардлагыг хангахгүй байсан.

Түүнчлэн Оюуны өмчийн маргаан шийдвэрлэх комисст ирсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээний талаарх өргөдлийн 80%-ийг шинэ, тухайн үеийн түвшингээс давуутай, нийтэд илэрхий болсон, нэвтэрч ашиглагдсан, хэвлэн нийтлэгдсэн гэсэн нэр томьёоны ойлголтуудтай холбоотой маргаан эзэлж байгаа тул нэр томьёоны тодорхойлолтыг сайжруулах шаардлагатай болсон. Харин дээрх асуудал Патентын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэгдлээ.

9 бүлэгтэй тус хуулийн нэмэлт өөрчлөлтөнд:

  • шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ялгаж, бүтээгдэхүүний загварыг тусад нь бүлгээр зохицуулахаар заасан байна.
  • “Мэдүүлгийн бүрдлийг хянах” болон “мэдүүлгийн бүрдлийн шүүлт хийх” ажиллагааны ялгааг тодруулж, “хайлт” хийх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг хуульд нарийвчлан тусгажээ.
  • Патент олгох болон патент олгохоос татгалзах шийдвэрийг дахин хэлэлцэх, шинийг санаачлагч, мэдүүлэг гаргагчид хугацааны хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бий болгож өгсөн.
  • Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчилж, мөн чанарын шүүлт хийлгэх хүсэлт гаргах, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын бүтээлийг нийтэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.
  • Түүнчлэн патентын эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний холбогдох зохицуулалттай нийцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтуудыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан юм.

Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийн давуу талыг Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл онцлохдоо:

ПАТЕНТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААР АШИГТАЙ ЗАГВАРТ ПАТЕНТ ОЛГОДОГ БОЛСОН. МӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН ЭРХ АВАХ ҮЙЛ ЯВЦ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ, ХУГАЦАА ИХ ОРДОГ. ПАТЕНТЫН ХУВЬД 9 САР БАЙСАН ХАРИН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААР 31 САР БОЛГОЖ СУНГАСАН. ЭНЭ НЬ МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН ПАТЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД /ПХАГ/  ХУГАЦАА МАШ УРТ БАЙДАГ, ҮҮНТЭЙ НИЙЦҮҮЛЭХ ШААРДЛАГА ГАРСАН УЧРААС ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН. ЭХНИЙ ЭЭЛЖИНД ШҮҮМЖЛЭГДЭЖ МАГАДГҮЙ ГЭХДЭЭ ХУГАЦАА НЭМЭГДСЭНЭЭР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧИД БОЛОМЖ ОЛГОСОН ЗҮЙЛҮҮД ОРСОН. ТОДРУУЛБАЛ, ЭНЭ ХУГАЦААНД МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧ НАР НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ХАЙЛТААР ТӨСӨӨТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН ИЛРЭЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГА ҮҮССЭН ТОХИОЛДОЛД ҮҮНИЙГ ЗАСАХ БОЛОМЖТОЙ БОЛСНООС ГАДНА ПАТЕНТ ОЛГОХ ТАЛААР ХОЁР ТАЛААСАА АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДСЭН. ӨМНӨ НЬ НАРИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙ УЧРААС ИРГЭД ПАТЕНТ АВАХ ЭРХЭЭ АЛДДАГ БАЙСАН БОЛ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨӨР ИРГЭДЭД ПАТЕНТ АВАХ БОЛОМЖИЙГ ОЛГОХ НАРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬД ТУСГАЖ ӨГСНӨӨРӨӨ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БОЛЛОО. гэдгийг илэрхийлсэн.

Дээрх хуулийн төслийг батлуулахад ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар болон холбогдох бусад албан тушаалтнууд идэвхи, санаачлагатай ажилласан юм.

Патентын хууль батлагдсанаар өнөөгийн практикт гарч буй эрсдэл буурч, хууль нэг мөр хэрэгжих баталгаа хангагдана. Түүнчлэн энэ чиглэлээр төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал, хариуцлага сайжирч, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах, түүнд шүүлт хийх ажиллагаа илүү тодорхой болсноор мэдүүлэг гаргагчид учирдаг чирэгдэл багасна.

Мөн шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар нь патент, гэрчилгээ эзэмшигчийн амьжиргааны хэрэгсэл болж, эрх нь хамгаалагдсан бүтээлээ олон улсын зах үээлд нэвтрүүлэх зэргээр Монгол Улсын эдийн засгийн эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдлээ ажлын хэсгийнхэн онцолсон юм.

                                              https://vip76.mn/p/76224/?id=11204&fbclid=IwAR3r_A4_R2Cv-d6QiZwe-SaSmt94Z7rrTbSMaUuoNg-no3ija5iIcRLaJq8

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос