
Барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжсантай холбогдуулан барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, мэдүүлэгт шүүлт хийх, бүртгэлд бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, нийтлэх зэрэг үйл ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээрт нийцүүлэх, давамгайлах огнооны эрхийн зохицуулалт, барааны тэмдэг, газар зүйн заалтыг ашиглах хугацаанаас хамааруулан хүчингүй болгох, мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах нөхцөлийг тодорхойлох зэрэг зохицуулалтыг энэ хуульд тусгаад байна. Хуулиар тодорхойлсон газар зүйн заалт, хамтын тэмдэг нэр томьёог худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт заасантай нийцүүлэн шинэчлэн тодорхойлсон. Мөн хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд барааны тэмдгийг шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн бол тухайн барааны тэмдгийг бүртгэхгүй байх, барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгэгдсэний дараа маргаан гарах асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлсэн.
Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенци, Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тэмдгийг 5 жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох тухай зохицуулалтыг тусгаад байна. Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход үйлчилгээний хураамж төлөхөөр зохицуулсан.
Патентийн тухай хуульд шинэчилсэн найруулга оруулж байгаа. Энэ хуулиар ямар шинэчлэл хийгдэх вэ?
Патентийн тухай хуулийг Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэх, патентийн тухай хуульд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас өгсөн саналыг үндэслэн патентийн эрхийн хамгаалалтыг дэлхий дахины чиг хандлага, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн боловсронгуй болгохоор шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ялгаж, бүтээгдэхүүний загварыг тусад нь бүлгээр зохицуулахаар энэ хуульд оруулсан. Мөн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчилж, мөн чанарын шүүлт хийлгэх хүсэлт гаргах, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын бүтээлийг нийтэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан юм.
Эдгээр хуулиуд батлагдсанаар оюуны өмч, бүтээл, барааны тэмдэг, заалтуудын хамгаалалт бүрэн хангагдах уу?
Дээрх 3 хууль нь төсөл хэлбэрээр УИХ-д өргөн баригдаад, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлагдана гэсэн хүлээлттэй байна. Ингэснээр оюуны өмчийн салбарын үндсэн 4 хууль багцаараа шинэчлэгдэх юм. Хуулиуд батлагдсанаар оюуны өмчийн салбар олон улсын хэм хэмжээнд нийцэж, өмчийн бүртгэл, хамгаалалт, хадгалалт зэрэг үйл явцын ажиллагаа маш тодорхой болно. Цахимжуулах, цахим сан бий болгон, хэрэглээнд нэвтрүүлэх үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалттай болж, салбарын зарим нэр томьёо хоёрдмол утгатай байсан нь арилах юм. Хамгийн чухал нь оюуны өмчийн салбарын эрхийн хамгаалалт, процесстой холбоотой зохицуулалтууд илүү тодорхой болж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар төрийн үйлчилгээ, мэдээллийг E-mongolia цахим системийг нэвтрүүлсэн. Дээрх хуулиудаар оюуны өмчийн салбарыг цахимжуулах боломжийг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?
Оюуны өмчийг Зохиогчийн эрх, Аж үйлдвэрийн өмч гэсэн 2 салбарт ангилж үздэг бөгөөд хүний оюун ухааны хүчээр бий болсон биет бус бүтээлүүдийг оюуны өмчийн багц хуулиуд болох Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Патентийн тухай хууль, барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиудыг хамааруулж үздэг. Аж үйлдвэрийн өмч дотроо шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт зэргийг хамруулдаг бол зохиогчийн эрх дотроо утга зохиол, урлаг, уран сайхны буюу оюуны бүтээлүүдийг ойлгодог. Бусад улс оронд Зохиогчийн эрхийн газар, патентийн газар нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг бол манай улсад оюуны өмч гэсэн нэг “малгай” дор нэгтгэн ойлгож, эрх зүйн зохицуулалтаа хийж явдаг.
Манай байгууллагын хувьд сүүлийн жилүүдэд Аж үйлдвэрийн өмчийн хайлтын систем-https://publish.ipom.mn/, Цахим мэдүүлгийн систем буюу E-filing// системүүдийг нэвтрүүлсэн бөгөөд хэрэглэгчид дэлхийн аль ч өнцөг булангаас Монгол улс дахь патентийн бүртгэлийн талаар хайлт хийх, мэдүүлгийнхээ төлөв байдал, хүчинтэй байх хугацаа зэрэгт хяналт тавих боломжтой юм. 2020 оноос тус хайлтын системийн мобайл аппликейшн хувилбарыг нэвтрүүлсэн.
www.vip76.mn