Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Бүгд Найрамдах Солонгос Улстай хамтран хэрэгжүүлдэг итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх уг төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг барааны тэмдэг, газар зүйн заалт, бүтээгдэхүүний загвар зэрэг оюуны өмчийн системийг үр ашигтай хэрэглэх замаар бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Семинараар “Брэнд, дизайныг хөгжүүлэх замаар бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, оюуны өмчийн орчныг бүрдүүлэх нь” төслийн ерөнхий танилцуулга, хийгдэх ажлууд, оюуны өмчийг бизнес хөгжлийн хэрэглүүр болгон ашиглах нь, оюуны өмчийн газрын үзүүлж буй үйлчилгээ, чанар, стандартын үнэлгээний ач холбогдол, маркетинг, бүтээгдэхүүний брэндинг, ЖДҮ-ийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүчин зүйлүүд сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Уг семинарт Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Хөгжлийн салбарын ахлах зөвлөх Франческа Тосо, Олон улсын зөвлөх Жэки Шарбонью, Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч О.Оюунгэрэл, барааны тэмдгийн шинжээч Б.Оюунцэцэн нар илтгэл тавьж, зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулахад тулгарч буй түгээмэл бэрхшээл болон боломжийн талаар оролцогчидтой харилцан санал солилцож, оюуны өмчийн талаарх өөрсдийн ойлголтыг хуваалцлаа.