
Мөн БНХАУ-ын Зохиогчийн эрхийн газартай хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан зохиогчийн эрхийг хамгаалах, ялангуяа ӨМӨЗО-нд Монгол Улсын уран бүтээлчдийн эрх ашиг зөрчигдөж байгааг зогсоох чиглэлээр хүсэлтээ илэрхийлэн ажиллаж байна. Оюуны өмчийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын асуудал эрхэлсэн зөвлөх хатагтай Ли Вэйтэй 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар найрсаг яриа өрнүүллээ.
Хоёр орны соёлын салбарт дотоодын хууль тогтоомж болон олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу харилцан хүндэтгэсэн, хууль ёсны үйл ажиллагааг дэмжих, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улс оюуны өмчийн салбарт хоёр хөрштэйгээ нягт хамтран ажилладаг бөгөөд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Оюуны өмчийн газрын дарга нарын уулзалтыг Улаанбаатар хотод 2019 оны 8 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛЦГЭЭЕ!