Оюуны өмчийн тухай хуулийн 12 зүйлийн 12.1.13 дахь заалт, Оюуны өмчийн зуучлагчийг бүртгэх журамд заасны дагуу “Арт эксчэнж ХАБ” ХХК-ийг Оюуны өмчийн зуучлагчаар бүртгэн, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Оюуны өмчийн зуучлал нь зохиогч, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээл, аж үйлдвэрийн өмчийн эрх эзэмшигчийг үйлдвэрлэгчтэй холбон, тухайн эрхийг эдийн засгийн эргэлтэд
оруулах, арилжих үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа байдаг.
Оюуны өмчийн хуулиар Оюуны өмчийн Зуучлагчийн хуулийн этгээдийн зохицуулалтыг шинээр бий болгосон. Энэ хүрээнд зуучлагчийг бүртгэх, гэрчилгээ олгохтой холбоотой дүрэм журмаа батлаад “И Эс Эй Эн” ХХК, “Монгол контент” ХХК, “Аранжмэнтвишн энтертайнмент” ХХК, “Оюуны өмчийн бирж” ХХК болон Монгол Улсын Их сургуулийн Номын сан гэсэн 5 хуулийн этгээдэд зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон бөгөөд “Арт эксчэнж ХАБ” ХХК нь 6 дахь зуучлагч байгууллага болж байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалтад заасны дагуу “Оюуны өмчийн эрх борлуулсны орлогод 5 хувиар буюу 2 дахин бага татвар ногддог бол тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.13 дахь заалтад заасны дагуу “Оюуны өмчийн эрхийн зуучлалаас олсон орлого” албан татвараас 100 хувь чөлөөлөгддөг.